Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Баярхүү Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевт 2022 оны 2 дугаар 21-ний өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.


Монгол Улсаас Бүгд Найрамдах Казахстан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Баярхүү Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевт 2022 оны 2 дугаар 21-ний өдөр Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Элчин сайд Д.Баярхүү Итгэмжлэх жуух бичгээ барих үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн халуун дотно мэндчилгээг уламжилж, эдүгээ 30 жилийн ойг хамтдаа ёс төгөлдөр тэмдэглэж буй Монгол, Казахстаны дипломат харилцаа болон хоёр ард түмний ах дүүгийн найрамдалт харилцааг бэхжүүлэн хөгжүүлж, бүх талын хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулахын төлөө ажиллахаа илэрхийлэв.
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев Элчин сайд Д.Баярхүүгийн Итгэмжлэх жуух бичгийг хүлээн авах үеэрээ хэлсэн үгэндээ дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа амжилттай өргөжин хөгжснийг тэмдэглэж, цаашид харилцааг улс төр, эдийн засгийн хувьд гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллахыг онцлов.
Түүнчлэн, Ерөнхийлөгч К-Ж.Токаев Монгол Улс нь Казахстаны Зүүн Ази дахь гол түншүүдийн нэг болохыг цохон тэмдэглэж, хоёр улс нь нийтлэг ашиг сонирхлын хүрээнд худалдаа, эдийн засаг болон бусад салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх өргөн боломжтойг цохон тэмдэглэв. Тэрбээр Элчин сайд Д.Баярхүүд ИЖБ өргөн барьсанд баяр хүргэж, хүлээсэн эрхэм үүргээ биелүүлэхэд нь өөрийн зүгээс болон Казахстаны Засгийн газраас бүх талын дэмжлэг, туслалцаа үзүүлнэ гэдгээ илэрхийлэв.